Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

ХАБЭА тухай

Зочид буудлын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Мэргэжлийн хяналтын байцаагчид гэнэтийн бэлэг барин ирж явааг дуулсан зочид буудлын ажилчид сандран гүйлдэж, бичиг цаасаа нааш цааш болгон аль болох тал засч байгаа зураглал бидний дунд түгээмэл байдаг. Үнэндээ бол тэд эсрэг талын баатрууд биш танай байгууллагын хамгийн ойрын зөвлөх, сайн найз шиг чинь дотно байж таны бизнесийг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд эрхлэх тэр зөвлөгөө, зааварчилгааг өгдөг хүмүүс юм.
Халтирах, тээглэх, унах, гараа зүсэх зэрэг нь зочид буудлын ажлын байранд үүсч болох хамгийн түгээмэл осол, гэмтэл байдаг бөгөөд осол бүрийг бүртгэж авах, тухай бүрт мөрдөх заавар, журмыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх шаардлагатай болдог.
  Зарим эздийн хувьд ХАБЭА гэх энэ сэдэв нь уйтгартай, ярихыг хүсдэггүй, чухал биш санагдах боловч энэ тал дээр хайнга хандсанаар таны бизнес бүрэн зогсох ч эрсдэл байгаа гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
Зочлох үйлчилгээний бизнес эрхэлж байхад доорхи 3 чухал зүйлийг байнга анхаарч байх хэрэгтэй болно:
· Хөдөлмөрийн аюулгүй байдал
· Хүнсний эрүүл ахуй
· Цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал
Энэ удаагийн нийтлэлээр хангалттай дэлгэрэнгүй ярьж чадахгүй ч гэлээ танд анхан шатны мэдээллүүдийг өгч маш товчхон шалгах хуудсын загварыг жишээ болгон харуулах болно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй буюу ХАБЭА
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлдэг.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ойлголтыг бид ярьж эхлэхэд энэ сэдэв биднээс хол хөндий байсан бол сүүлийн 10 аад жилийн хугацаанд олон улсын байгууллагууд манай улсад үйл ажиллагаа эрхлэх явцдаа олон улсын аюулгүй байдлын стандартыг сахин мөрдөж дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэ талаарх ойлголтыг өгч чадсанаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа олон улсын чанар, стандартад нийцүүлэх зорилгодоо хүрч ажиллаж байгаатай холбоотой гэж би хардаг. Нуулгүй хэлэхэд манай дотоодын зочид буудлууд энэ сэдэвт төдийлөн ач холбогдол өгдөггүй, ажилчид болон удирдлага энэ асуудлыг өөрт хамааралгүй мэт ойлгодог нь монгол хүний уужуу, хайнга байдлын маш том алдаа юм.
Монгол улсын хөдөлмөрийн сайдын ХАБЭА зөвлөл байгуулах орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай 2015 оны 06 сарын 22ны А/114 тоот тушаалаар 50-100 хүртэл ажилтантай бол нэг ажилтан томилох, 50 доош бол ХАБЭА мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно гэсэн байдаг бол ХАБЭА зөвлөлийг 20-с дээш ажилтантай байгууллага ажиллуулна гэж тусгасан байдаг бол Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасан байдаг байна.
Мөн хуулийн заалтуудыг энгийн үгээр тайлбарлан хэлвэл ажил олгогч нь үйл ажиллагааны онцлог, ажилчидын тоог харгалзан ХАБЭА асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөлийг ажлуулах үүрэгтэй байдаг бөгөөд тэдгээр нь байгууллагадаа мөрдөх дүрэм журам батлан хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих, илэрсэн зөрчилд арга хэмжээ авах, шаардлагатай сургалтыг зохион байгуулах, ажилчидад тохирсон хувцас хэрэгсэл олгох, хяналт тавих, журам зөрчсөн ажилтанд тохирох хариуцлагын саналыг ажил олгогчид гаргах болон бусад чиг үүргийг биелүүлэн ажилдаг байна.
Зочлох үйлчилгээний ажилчид олон төрлийн техник тоног төхөөрөмжтэй харьцах шаардлага гардаг бөгөөд дийлэнхдээ хоолны подносыг өргөхдөө, ор засахдаа, шар айргийн цоргыг солих үед өргөх техникийг буруу хийснээр нуруу болон бусад эрхтнээ гэмтээх нь элбэг байдаг. Нэгдүгээрт бид ажилчидаа гэмтээхийг хүсэхгүй, хоёрдугаарт бид ажилтан гэмтсэнээс үүдэлтэйгээр чөлөө авч ажил тасалдах нөхцөл байдлыг үүсгэхгүй, олон төрлийн гэмтэл, эрсдэл учрахаас өмнө ХАБЭА асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл нь энэ чиглэлээр сургалтыг тогтмол зохион байгуулж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг урьдчилсан, ажлын байран дах анхан шатны, давтан зааварчилгаа гэсэн 3 төрлийн хэлбэрээр өгч байх хэрэгтэй болно.
 Hotelog
Уг сургалт, зааварчилгаанд зөвхөн хүнд зүйл өргөх, халтирч унахаас хамгаалах тухай заавар, зөвлөгөө байхаас гадна оффисийн ажилчидад зориулсан компьютерийн дэлгэцний хамгаалалт, нүд болон нуруугаа амраах зааварчилгаа, оффисийн хэвлэгч, цаас зүсэгч зэрэг машин техниктэй хэрхэн харьцахыг мөн цэвэрлэгээ, химийн бодистой харьцдаг ажилчидад зориулан тэдгээрийг найруулах, хэрэглэх зааварчилгаа болон хамгаалах хэрэгслийг танилцуулах, өдөр тутамд зааврын дагуу хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах хэрэгтэй байдаг.
Оффисийн орчинд болж байсан нэг жишээг дурдахад: Нэгэн эмэгтэй ажилтан цаас бутлагч машинд хэрэггүй болсон цаасыг хийх үед тухайн ажилтны цацагтай цамц машинд татагдан орсноор хүнд гэмтэл авч байсан юм. Зочид буудлууд гал тогоо, өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ болон инженер техникийн ажилчиддаа өдөр тутмын ХАБЭА зааварчилгааг хангалттай сайн өгдөг ч арын алба оффисийн орчинд ажлын байрны осол гэмтэл гарах эрсдлийн тооцдоггүй, эрсдлийн шинжилгээ хийдэггүйгээс үүдэн зааварчилгааг орхигдуулдаг. Тиймээс зочид буудлын бүх үйл ажиллагаатай холбоотой эрсдлийн үнэлгээг урьтал болгон хийлгэхийг зөвлөж байна.
Эдгээрээс галын аюулгүй байдал нь нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал юм. Өмнөх дугаартаа бид галын аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай өгүүлж байсан. Галын дохиоллыг суурилуулах, өдөр тутмын ажиллагаанд хяналт тавих нь зочид буудал бүрийн хамгийн анхан шатны зайлшгүй хэрэгжүүлэх ажил юм. Долоо хоног бүр галын системийн ажиллагааг шалгах, жил бүр нийт ажилчидын галын сургалтыг зохион байгуулж гал түймрийн үед хэн ямар үүрэг оролцоотой байхыг зааварчилах, зочид үйлчлүүлэгчидэд ойлгомжтой галын тухай гарын авлага, гарцын зураглалыг зөв байршилд байршуулсан байх шаардлагатай.
Галын аюулгүй байдлаас дутахааргүй бас нэг орхигдуулж болохгүй зүйл бол хүнсний аюулгүй байдал. Үйлчлүүлэгч тань хоолны хордлого авчихсан тухай сонсохыг та хүсэхгүй л болов уу. Тиймээс ресторанаас зөвхөн амттай хоол гарах тал дээр анхаарахын зэрэгцээ тухайн хоолны эрүүл ахуйн үзүүлэлтийг давхар анхаарч байх хэрэгтэй.
Өдөр тутамд хөргөгч, хөлдөөгчний темпратурыг шалгах, хоолны дээжийг зориулалтын саванд 72 хүртэл цагийн хугацаатай хадгалах зэрэг наад захын арга хэмжээг мөрдөж ажиллах нь таны бизнесийг хамгаалах болно.
Бактери үржих таатай хэм нь 5С ээс 60С байдаг тул халуун хоолыг 60С дээш хэмд хадгалах хэрэгтэй. Тиймээс ялангуяа буффет хоолны ресторан болон хүлээн авалтын үеэр хоолны темпратурыг хэмжиж шалгаж байхыг зөвлөж байна.
 Hotelog
Харин хөргөгчинд хадгалах шаардлагатай хүнсийг 5С бага хэмд харин хөлдөөгчинд хадгалах зааварчилгаатай хүнсийг -18С болон түүнээс бага хэмд хадгалахад болно.
Дээр дурдсанаар зочид буудлын орчныг эрүүл, аюулгүй байлгаж учирч болох эрсдлээс сэргийлэхийн тулд өдөр тутамд шалгаж байх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг багтаасан шалгах хуудсын загварыг жишээ болгон хүргэж байна. Энэ загварт та бүхэн өөрийн үйл ажиллагааны цар хүрээ, онцлогт уялдуулан илүү өргөжүүлж болно. Хамгийн гол нь шалгах хуудсын дагуу өдөр бүр хариуцсан ажилтан шалгаж, учирсан доголдлыг тухай бүрт нь засч залруулах нь чухал юм.
 Hotelog
ХАБЭА шалгах хуудас
Тэмдэглэгээ
ХАБЭА зааварчилгааны дэвтэр байрандаа байгаа эсэх
ХАБЭА зааварчилгаатай танилцан ажилчид гарын үсэг зурсан байдал
Ажлын байран дээрх зурагт зааварчилгаа наасан байдал
Энэ долоо хоногийн галын системийн шалгалт хийгдсэн байдал
Галын хор тоо ширхэгийн дагуу, хугацаа дуусаагүй байдалтай байх
Осол гэмтлийн бүртгэлийн дэвтэр хөтлөлтийн байдал
Бүх хүнсний материал шинжилгээний бичигтэй байна
Хөргөгч, хөлдөөгчийн хэм зориулалтын дагуу байна
Хоолны дээжийг зориулалтын саванд хадгалсан байдал

Энэхүү нийтлэлээр та бүхэн зочлох үйлчилгээний бизнесийг эрүүл, аюулгүй орчинд зохион байгуулах талаар бага ч болов мэдээлэл авсан нэг найдаж байна. Дараагийн дугаарт зочид буудлын үйлчилгээний чанар шууд хамаарч байдаг ханган нийлүүлэгч нартайгаа хэрхэн хамтран ажиллах, худалдан авалт хийхдээ анхаарах зүйлсүүдийг хүргэх болно. Танд амжилт хүсье.






Мэдээ мэдээлэл авах
#subscribe