Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Хүний нөөцийн төлөвлөлт

Зочид буудлын хүний нөөцийн төлөвлөлт, чадамж
Хүний нөөцийн үр ашигтай, зөв төлөвлөлтийг урт (3–5 жил) болон богино (1 жил) хугацаандаа хийж чадсанаар асар их хэмжээний цаг хугацааг хэмнэж тасралтгүй, жигд үйлчилгээг үзүүлэх боломжтой байдаг боловч зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн эргэлтийн хувь маш өндөр байдаг нь ажил олгогчидын төдийгүй энэ салбарын хувьд маш том асуудлуудын нэг болоод байна.
Зочид буудлын бизнесийн хувьд хүний нөөцийн төлөвөлөлтийг хийхдээ:
1. Байгууллагын бүтэц зохион байгуулалтын зургийг батлах;
2. Ажилчидын гарын авлага бэлтгэх, хэвлүүлэх;
3. Шинэ ажилтан шалгаруулах хуваарийг гаргах;
4. Ажлын байрны тодорхойлолтыг бэлтгэх;
5. Ажилчидын урамшууллын хөтөлбөрийг боловсруулах;
6. Үйл ажиллагааны дотоод стандартуудыг боловсруулах;
7. Сургалтын хуваарь гаргаж батлуулах, сургалтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамруулан ойлгож болно.
  Ажлын байранд шинэ ажилтан шалгаруулж авахын өмнө тэдэнд зориулан бэлтгэсэн байгууллагын танилцуулга, алсын хараа, дүрэм журмыг багтаасан “ажилчидын гарын авлагыг” бэлтгэн хэвлүүлсэн байх шаардлагатай.
Сул байгаа орон тооны жагсаалтыг гаргаж хуваарийн дагуу хэдэн сарын хэднээс хэд хоногийн хугацаатай анкетийг авах, ярилцлагыг хэд хоног ямар бүрэлдэхүүнтэй зохион байгуулах зэргийг үйл ажиллагаатайгаа уялдуулан урьдчилан төлөвлөж түүнийхээ дагуу шинэ ажилчидыг шалгаруулан авна. Байгууллагын амжилтын түлхүүр болсон ажилчидаа тогтвортой удаан ажлуулах хамгийн гол нууц бол танай байгууллагад тохирох зөв хүнээ олж авах явдал юм.
Хэрхэн өөрийн байгууллагад тохирсон ажилтанг сонгон авах вэ?
Та байгууллагадаа шинэ ажилтан авахдаа тухайн хүн танай байгууллагын алсын хараа, зорилго, үнэт зүйлтэй нийцэж байгаа эсэхийг харах нь хамгийн чухал. Ажилтан байгууллагынхаа алсын хараа, хүрэх зорилгод нийцэж ажиллах нь ажил олгогч, ажилчдын хамтын ажиллагааг илүү бэхжүүлж, хялбаршуулж байдаг.
Түүнээс гадна тухайн ажлын байрны тодорхойлолтод дурдагдаж байгаа ажил үүргийг гүйцэтгэхэд ямар түвшний боловсролтой ажилтанг сонгох гэхээс илүүтэйгээр темпраментийн судалгааг бөглүүлж ямар албан тушаалд сангвиник, флегматик, холерик, меланхолик гэх дөрвөн шинж тэмдгийн аль нь илүү тохирох эсэхийг зөв тодорхойлж багаа бүрдүүлж чадсанаар ажлын үр бүтээмжийг 25% аар нэмэгдүүлэх боломжтой байдаг байна. (runrun.it)
 Hotelog
Ажлын байрны зар:
Сул орон тооны ажлын байрны зар тавихаас эхлэн анхаарвал зохих, үйл ажиллагаандаа шууд хэрэгжүүлж болохуйц зүйлсийг энэ удаагийн нийтлэлээр хүргэж байна.
Ажлын байрны зарыг зарын сайт, сонин, нийгмийн сүлжээнд байршуулахын өмнө тухайн ажлын байрны тодорхойлолтыг бүрэн гүйцэт бэлтгэсэн, түүнд тохирох ажилтан хувь хүний болоод мэдлэг боловсролын хувьд ямар зан төлөвтэй байхыг урьдчилан харж тавигдах шаардлагыг бэлтгэн, түүнд нийцсэн хүнийг хайх хэрэгтэй.
Жишээ нь: Зөөгчийн зарыг байршуулах өмнө та доорхи байдлаар урьдчилан бэлтгэсэн байх хэрэгтэй.
Ажлын байрны нэр: Зөөгч
Харьяалагдах алба: Хоол ундааны алба
Шууд харьяалагдах албан тушаал: Ахлах ажилтан болон Рестораны менежер
Шууд хариуцах ажилтан: N/A
Ажлын байрны товч мэдээлэл: Зөөгч нь үйлчлүүлэгчидээс хоол болон уух зүйлийн захиалгыг авах, түүгээр үйлчлэх, үйлчлүүлэгчидийг сэтгэл ханамжтай байлгах тал дээр анхаарч ажиллах. Энэ ажлын байранд ажиллах ажилтан төлбөр тооцооны үйл явцад хариуцлага үүрэн ажиллана.
Ажлын байрны үүрэг хариуцлага:
1.    Ширээ засалт хийх;
2.    Үйлчлүүлэгчидтэй мэндчилэх, хоол, уух зүйлсийн орц найрлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөх;
3.    Харшилтай үйлчлүүлэгч байгаа эсэхийг шалгах, тэдэнд анхааруулах;
4.    Тухайн өдрийн онцгой меню, саналыг танилцуулах;
5.    Үйлчлүүлэгчидэд хоолоор үйлчлэхийн өмнө хоолны чанар, тавагласан байдлыг хянах;
6.    Хоол, ундаагаар үйлчлэх;
7.    Төлбөр тооцоог хүлээн авах;
8.    Эрүүл ахуйн стандартын дагуу ширээг цэвэрлэх;
9.    Халбага, сэрээ, шилэн эдлэл, аяга тавгийг өнгөлөх;
10.    Ширээн дээрх амны алчуур, давс, перцийн савыг дүүргэх;
11.    Өглөөний шуурхай хуралд оролцох, сургалтанд хамрагдах, удирдлагаас өгөх үүрэг даалгаврыг биелүүлэх;
Дээрх ажлуудыг жагсаан бичсэний дараа ямар боловсролтой, ямар хүн уг ажлыг хамгийн сайн хийж гүйцэтгэж чадах тухай харгалзан үзэн ажилтанд тавигдах шаардлагыг жагсаан бичсэн байх нь олон анкетуудыг хурдхан цэгцэлж ярилцлагад дуудахад бэлэн болоход тус болно.
Жишээ нь:
Тавигдах шаардлага:
Боловсрол: Англи хэлний мэдлэгтэй, Бүрэн дунд боловсролтой
Мэдлэг ур чадвар: Хоол ундааны албаны суурь мэдлэгтэй
Туршлага: Ресторан, хоолны газар ажиллаж байсан
Хувь хүний зан араншин: Харилцааны өндөр ур чадвартай, өөртөө итгэлтэй, шинийг санаачлагч байх зэрэг өөрийн байгууллагын зүгээс тавьж буй шаардлагуудаа жагсаан бичнэ.
 Hotelog
Хүний нөөцийн менежер болон, зочид буудлын менежер нь тухайн ажил горилогчийн анкет дээр бичсэн байх мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд холбогдох бүх бичиг баримт, сургалтын гэрчилгээ, дипломыг шалгавал зохихоос гадна өмнөх ажил олгогчидоос тодорхойлолт авах нь дахин дахин ажилтан шалгаруулж авах цагийг хэмнэхэд тус болно.

Шинэ ажилтан ажлын байны тодорхойлолтоо уншиж танилцаад өөрийн хийх ажлын жагсаалтыг хүлээн зөвшөөрч менежерийн хамт гарын үсэг зурна. Энэ нь ажилтан, ажил олгогчдын хооронд үүсэх үл ойлголцлоос урьдчилан сэргийлэх чухал бичиг баримт тул зочид буудлын эзэд, ерөнхий менежер, хүний нөөцийн менежер үүнд чухал ач холбогдолтой хандах хэрэгтэй.
Ажлын анхны өдөр:
Олон шатлалт шалгуурын дараа зөөгчийн сул орон тоонд тохирох шилдэг ажилтанаа оллоо. Одоо яах ёстой вэ? Тэднийг ресторанд хүргэж өгөөд хэн нэгэн гаршсан ажилтанд даалгаад ажлыг нь эхлүүлэх гэж байна уу?
Тэгвэл түр азнаарай. Шинэ ажилтаны ажлын эхний өдөр тэдэнд танай байгууллага яагаад оршин тогтнож байгаа болоод юуны төлөө зорьж ажилладаг тухай болон байгууллагын дүрэм журам, ажлын байрны сургалт, мэдээллийг өгөх нь маш чухал байдаг. Шинэ ажилтны сургалтад зайлшгүй багтах зүйлс: Байгууллагын түүх, алсын хараа, зорилго, үнэт зүйл, үйлчилгээ, бүтээгдэхүүний мэдээлэл, ажлын ерөнхий нөхцөл (цалин, амралт, ажилтны давуу тал гэх мэт), байгууллагын дүрэм, журам (дотоод журам, чөлөө авах, амралт гэх мэт), барилгын бүтэц, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй байдал, ажилчидын өрөө, цайны цаг, цайны өрөө, ерөнхий стандарт болон бусад алба хэлтсийн мэдээллийг дэлгэрэнгүй багтаасан байх хэрэгтэй болно.
Ажлын байранд бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж чадсанаар ажилчидын хүлээлтийн бодит болгох, байгууллагаа таньж мэдэх, соёлыг ойлгох, ойлголтын зөрүү үүсэхгүй байх зэрэг олон давуу талууд байхаас гадна хүний нөөцийн эргэлтийн хувийн бууруулж зардал, цаг хугацааг хэмнэх маш том давуу талтай.
Ажилчидын сургалт:
Зочид буудлын үйл ажиллагаа 24 цагийн турш жигд, тасралтгүй, хүлээлтэд хүрсэн байхын тулд Үйл ажиллагааны дотоод стандартыг нэвтрүүлдэг. Тухайн өдрийн зөөгч Дулмаа эсвэл Дорж байхаас үл хамааран нэг стандартын дагуу хоол үйлчлүүлэгчийн өмнө очих ёстой байдаг тул зочид буудлын сургалтын төлөвлөгөөг нэг жилээр нь гаргахдаа Үйл ажиллагааны дотоод стандартыг жилдээ хамгийн багадаа 2–3 удаагийн давталттай байхаар зохион байгуулсан байхаар төлөвлөх хэрэгтэй.
Үүнээс гадна ерөнхий сургалтууд болох:
1.    Эрүүл ахуйн сургалт
2.    Харилцаа, соёлын сургалт
3.    Галын аюулгүй ажиллагааны сургалт (6 сард нэг удаа)
4.    Хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалт зэргийг үйл ажиллагааны онцлогоосоо хамааруулан удирдлагын баг ярилцаж шийдэн нэг жилээр төлөвлөгөө гаргаж Ерөнхий менежер эсвэл Гүйцэтгэх захирлаар батлуулдаг.
 Hotelog
Ингээд хамгийн сүүлийн боловч хамгийн чухал зүйл бол ажилчидын урамшууллын хөтөлбөр, ажилчидад олгох давуу тал. Зочид буудлын салбарт үндсэн цалингаас гадна тухайн ажилтны ажлын гүйцэтгэлээс хамааруулан урамшуулал олгодог хандлага бас түгээмэл байдаг. Үүнд: Ажилчидын өглөөний цай, өдөр, оройн хоол, ажилчидын унаа гэх мэт байхаас гадна ажилчид өөрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлттэй эдлэх нь ажилтан өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байхад маш томоохон хөшүүрэг болдог байна.
Үүнээс гадна олон улсын зочлох үйлчилгээний салбарт байдаг түгээмэл хэрэгжүүлдэг нэг төрлийн урамшуулал бол “service charge” буюу үйлчилгээний шимтгэл. Энэ нь үйлчлүүлэгчийн тооцооны 5% аас 10% -ийг тусад нь салган данс тооцоо хөтөлж сар бүр нийт хуримтлагдсан servie charge –ийг нийт ажилчидад тэгш хуваарилан үндсэн цалин дээр урамшуулал болгон олгодог. Энэ урамшууллын ачаар ажилчид өндөр ачааллыг ажрахгүй давахаас гадна өөр салбарт хөрвөн орох магадлалыг бууруулж байдаг.
Ингээд та дээрх зөвлөмжүүдийг анхаарч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн үр дүнг нь мэдрэх болно гэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд Та ажилчидаа халамжилснаар, ажилчид байгууллагынхаа үйлчлүүлэгчидийг халамжилдаг болохыг энд дурдаад энэ удаагийн нийтлэлээ жаргаая. Анхааран уншсан танд баярлалаа.


 






Мэдээ мэдээлэл авах
#subscribe