Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Барилга төлөвлөлт

Зочид буудлын барилга төлөвлөлт
Өмнөх нийтлэлүүддээ зочид буудлын төрөл болон бизнес загварын талаар танилцуулан ялгааг харуулсан бол энэ удаад зочид буудлын барилга төлөвлөлтийг зөв хийхэд тань тус болох хэдэн саналыг хүргэж байна. Нэг удаагийн бичвэрээр зочид буудлын барилгын төлөвлөлтийг бүхэлд нь хийх боломжгүй боловч товчхон ойлгомжтой байлгаж гол анхаарвал зохих ойлголтуудаас орууллаа.
Маш олон зочид буудлуудын хувьд зочид буудлын үйл ажиллагааны онцлог, урсгал зургийг урьдчилан тооцоогүйгээс үүдэн нэмэлт үр ашиггүй зардлыг ахин дахин гаргах, үйл ажиллагааны явцад буруу зохион байгуулалт хийх, ноцтой алдаанууд гарах, үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болох зэргээс үүдэн хэрэглэгч, үйлчлүүлэгчидээ алдаж ашиг орлого буурах зэрэг тоочоод баршгүй олон сул талууд бий болдог.
  Зочид буудлын бизнес гэдэг бол өндөр шилэн барилга сүндэрлэн бий болсны дараа үнэтэй тавилга хэрэгслээр тохижуулах тухай биш юм. Харин төлөвлөлтийг бүр сууриас нь буюу барилгын зураг төсөл эхлэхийн өмнөөс л үйлчлүүлэгчидэд амттай хоолоор үйлчлэх процессийг ханган нийлүүлэх материалыг аль хаалгаар, хэрхэн гал тогоонд хүргэх, хүнсний бүтээгдэхүүнээ аль агуулахад, ямар хэмжээний хэдэн төрлийн хөргөгчинд хадгалах, хаана угаалтуурыг байрлуулах зэрэг урсгал зургийн дагуу эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зохион байгуулалтаа шийдсэн байхыг хэлээд байгаа юм.
Барилга байгууламжийн зохион байгуулалт:
Цахилгаан шат: Зочлох үйлчилгээний бизнесийн хувьд цахилгаан шатны зохион байгуулалт маш их ажлыг хөнгөвчилж, үр дүнтэй ажиллах, эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлагатай байдаг. Миний хувьд олон зочид буудалд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцад анзаарч байсан сайн болон муу жишээнүүдээс дурдвал.
 Hotelog
Муу: Ачааны болон ажилчидын цахилгаан шатгүй байх эсвэл цахилгаан шаттай байх боловч арын алба болох гал тогоо болон ажилчидын өрөөрүү шууд нэвтрэх боломжгүй байдгаас үүдэн гал тогооны болон өрөөний цэвэрлэгээнээс гарах хог хаягдыг зочдын цахилгаан шатаар зөөхөөс өөр аргагүй болдог. Хэдийгээр энэ зураглал нь зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчидэд байж болшгүй буруу төлөвлөлт боловч харамсалтай нь маш олон зочид буудлуудын одоогийн нөхцөл байдал ийм байна.
Сайн: Ажилчид болон хангамжийн материалыг гол хаалгаар бус арын хаалгаар нэвтрүүлж ачааны цахилгаан шатаар тээвэрлэн ресторан, ажилчидын өрөө, угаалгын хэсэгт шууд хүрэх боломжтой байх.
Ачааны эсвэл ажилчидын цахилгаан шат юунд хэрэгтэй вэ?
Зочид буудлын арын албаны үйл ажиллагаа аль болох зочдын нүдэнд өртөхгүй байх тусам танай зочид буудал мэргэжлийн түвшинд ажиллаж байна гэж ойлгож болно. Үүнд өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид тэргэнцэр, тоос сорогчтойгоо хэзээ ч зочидтой хамт нэг цахилгаан шатаар явж болохгүй, ресторан, хүлээн авалтын танхимд ирж буй хүнсний хангамжийн материалыг зочдын гол хаалгаар зөөвөрлөх, зочдын цахилгаан шатаар тээвэрлэж бүр ч болохгүй.
Тэгэхээр зочид буудлын цахилгаан шатыг төлөвлөхдөө зочдын болон ачааны, ажилчдын гэж тусад нь гаргах хэрэгтэй байхаас гадна тухайн цахилгаан шат барилгын арын хаалгаар орж гарах боломжтой байх ёстой. Энэ тохиолдолд хяналт суларч гадны этгээдүүд зочид буудалд нэвтрэх магадлалтай байдаг тул ажилчидын цахилгаан шатанд аюулгүй байдлын үүднээс зөвхөн ажилчидын картаар нэвтрэх системийг суурилуулах хэрэгтэй болно. Энэ төлөвлөлтийг анхнаас нь хийж чадвал танай зочид буудал олон улсын байгууллагын зүгээс хамтран ажиллах зочид буудалд тавигддаг гол шалгууруудын нэгийг хангаж байна гэж ойлгож болно. Ингэснээр танай борлуулалтыг дэмжих чухал хөшүүрэг болох юм.
Хүлээн авалтын танхим: Хүлээн авалтын заалыг үзэгдэх орчин, сүрлэг байдлыг харгалзан дээд давхаруудад төлөвлөх тохиолдол түгээмэл байдаг. Гэвч танай зочид буудалд нэгэн зэрэг 300 эсвэл багаар бодоход 100 үйлчлүүлэгчийн хүлээн авалт зохион байгуулж байна гэж төсөөлье. Монголчууд бид муу амлах дургүй ч бодит эрсдлийг тооцож үзэх хэрэгтэй тул хүлээн авалтын үед цахилгааны масс, хэн нэгний болгоомжгүй байдлаас үүдэн гал гарахад тэдгээр 100 үйлчлүүлэгчийг яаж маш хурдан шуурхай байдлаар, аюулгүй нүүлгэн шилжүүлэх вэ? Галын үед цахилгаан шат ашиглах боломжгүй байдаг тул тэр олон хүн сандралд орсноор аваарын шатаар гарч амжих болов уу? Амжих гэж хичээсэн ч аваарын шатыг бүрэн нээлттэй стандартын дагуу байлгаж чадаж байна уу? Гэх мэт асуудлууд урган гарч ирнэ. Тэгэхээр та хүлээн авалтын танхим төлөвлөж байгаа бол аль болох доод давхаруудад төлөвлөх хэрэгтэй болох нь.
 Hotelog
Хүлээн авалтын танхимын борлуулалтыг дэмжих мартаж болохгүй хэд хэдэн зүйлс байна.
Гадуур хувцасны өлгүүр, хувцас солих өрөө нь эрэгтэй, эмэгтэй тусдаа цоожтой өрөө хүлээн авалтын заалны тухайн давхартаа байрлах, мөн зочид буудлаас гадагш гаралгүйгээр тамхи татах зориулалтын агааржуулалттай өрөө, хүлээн авалтын гол заал дундаар алхуулаад байхгүй, тайзны ард байрлах урлагынханы хувцас солих, хооллох боломжтой тухтай өрөө гэх мэт жижиг гэлтгүй эдгээр зүйлсийг бэлтгэж чадвал энэ төлөвлөлт танай борлуулалтыг өсгөхөд туслах маш том давуу талууд болно.
Давхрын болон өрөөний зохион байгуулалт: Дээрх жишээтэй уялдаатайгаар давхрын зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ? Галын аюулгүй байдлыг бид урьдчилан тооцоолон олон хүний хүлээн авалтын заалаа доод давхартаа байршуулахаар болоход хүлээн авалтын үеэр маш чанга дуу хөгжим, чимээ, хөл хөдөлгөөн үүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр бид зочид буудалд амарч буй зочдынхоо амгалан тайван байдлыг хадгалан хүлээн авалтын танихимтай ойр давхруудад (доод давхруудад) зочны өрөөг төлөвлөхгүй байх тал дээр анхаарч үзэх хэрэгтэй болох нь. Зочид буудлын олон улсын захиалгын систем дээр нилээн олон эерэг сэтгэгдэлүүд нь үзэгдэх орчин гоё байх тухай бичсэн байдаг тул зочдыг өрөө аль болох дээд давхраар шийдэх нь зөв болно.
Аль давхартаа зочдын өрөөг байрлуулахаа төлөвлөхөөс гадна хэдэн м2 –ийн хэмжээтэй, ямар төрлийн сонголттой зочдын өрөө байх вэ? гэсэн асуулт зайлшгүй урган гарна.
2020 оны зун би орон нутгийн шинэхэн, томоохон зочид буудалд 7 хоногийн хугацаатай үйлчилгээний стандартын сургалтыг зохион байгуулж байсан юм. Тус зочид буудал нь өрөөний төрлийн маш өргөн сонголттой, хагас люкс, бүрэн люкс, ерөнхийлөгчийн өрөө зэрэг өндөр зэрэглэлийн өрөөнүүдтэй боловч 7 хоногийн хугацаанд энэ өрөөг сонгон орж байгаа үйлчлүүлэгч огт байгаагүй бөгөөд эсрэгээрээ энгийн өрөөний эрэлт их тул богино хугацаанд дүүрч энгийн өрөө хайж ирэх зочдыг өрөө дүүрсэн шалтгаанаар алдаж байгаа ажиглагдаж байсан юм. Зарим тохиолдолд борлуулалтыг дэмжих үүднээс энгийн өрөөний үнийг тухайн нөхцөл байдалд уялдуулан хямдруулах, илүү үйлчилгээг санал болгох зэрэг аргуудыг хэрэглэж болох ч төлөвлөлтийг анхнаас нь зөв хийчихвэл үр ашиггүй, нэмэлт ажлуудыг хийх шаардлагагүй болдог.
Тэгэхээр өрөөний хуваалтыг хийхдээ анхаарах нэн тэргүүний асуудал бол зах зээлийн судалгаа. Үүнд танай зочид буудал байрлах хот, суманд ажлаар болон аяллаар жилд хэдэн хүмүүс өөр газар нутгаас зорин ирж байна, тухайн хот, сумын байнгын оршин суугчдын зочид буудлын хэрэгцээ, давтамж ямар байдаг болон өрсөлдөгч хэдэн зочид буудалд нийт хэдэн өрөөнд эдгээр зах зээлийн багтаамжаа хуваах хэрэгтэй зэрэг тоон мэдээллүүдийг нэн тэргүүнд бодолцож үзэх хэрэгтэй болно. Мэдээж танай зочид буудлын зэрэглэл, концепц ч гэсэн үүнтэй уялдах хэрэгтэй.
 Hotelog
Хэрэв томилолтоор ирдэг бизнес аялагчид ихтэй байршил бол нэг ортой энгийн өрөөг (32м2–40м2) түлхүү, харин тухайн бүс нутагт орон нутгийн болон олон улсын чанартай тэмцээн уралдаан эсвэл аялал жуулчлалын зорилгоор ирдэг зочид илүү ирдэг бол 2 ортой энгийн өрөөг (40м2–45м2), гэр бүлийн болон найз нөхөд нэг өрөөндөө орох хандлага түлхүү ажиглагдаж байвал гурав, дөрвөн ортой (45м2–65м2) өрөөнүүдийг сонгож тохижуулах нь үйл ажиллагааг тасралтгүй, өрөөний дүүргэлтийг өндөр хувьтай байлгах боломжтой болно.
Галын аюулгүй байдал: Олон улсын стандартад нийцсэн гэх энэ үгний хамгийн гол амин сүнс нь эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан гэх утгатай байдаг. Зочид буудлын бизнес нь танайхыг зориод ирсэн, гэрээсээ хол яваа зочдыг тав тухтай орчинд, амрах, хооллох боломжийг олгодог байхаас гадна 24 цагийн турш тэдгээр зочид өөрийгөө хамгийн аюулгүй газар байгааг бүрэн мэдэрч чадах тэр нөхцлөөр хангаж чадсан тохиолдол танай зочид буудал бусдаас бүрэн ялгарч чадна. Олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд болон аж ахуйн нэгжүүд гээд хэрэглэгчид ухаалаг, хэрсүү болох тусам үйлчилгээний шаардлага өндөр тавьдаг болсон. Эдгээр шаардлагын нэн тэргүүнд тавигдах үзүүлэлт бол галын аюулгүй байдал.
 Hotelog
Галын аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд: барилгад анхнаас нь галын гидрант, галын спринклер, утаа болон халуун мэдрэгч, автомат галын дохиолол, гар ажиллагаат галын дохиолол, ослын үеийн гэрэлтүүлгийн систем, гарцын тэмдэглэгээ, аваарын гарц, галын хорыг байршуулах нь хамгийн наад захын шаардлага болох юм. (дэлгэрэнгүй мэдээллийг Галын аюулгүй байдлын үндсэн дүрмээс уншиж танилцахыг хүсье)
Харамсалтай нь миний зочилж байсан нилээдгүй зочид буудлуудын хувьд эдгээр тоноглол, системийг Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах хэмжээнд хийчихээд үйл ажиллагааны туршид бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаа анзаарагдаж байсан. Утаа мэдрэгч ажиллахгүй, хугацаа нь дуусч тоосонд дарагдсан галын хор, зай нь дууссан гарцын тэмдэглэгээ зэрэг нь танай зочид буудалд нөхөж баршгүй өндөр эрсдлийг авчрах магадлалтай байдаг тул олон улсын стандартыг хангахыг хүсч байгаа та галын системийнхээ үйл ажиллагааг тогтмол хянадаг, шалгадаг, ажилчиддаа сургалтыг зохион байгуулдаг байхыг зөвлөмөөр байна.
Жишээ болгон хэлэхэд галын аюулгүй байдлыг тооцон зочид буудлынхаа коридорын уртыг төлөвлөхдөө та хамгийн булангийн өрөөнөөс аваарын гарц хүртэл дээд тал 30м байхыг бодолцох, аваарын гарцын шатны бариулын өндөр хэт өндөр биш, шатны өргөн хөл тавихад хангалттай хэмжээтэй бөгөөд огцом биш байх зэргийг тооцох хэрэгтэй.

Галын хорын төрлийг үйл ажиллагааны зориулалтад нь тааруулан зөв байршилд хоорондын хэмжээг тооцон тавих хэрэгтэй. Ялангуяа ресторын гал тогоонд хүнсний тос, амьтны гаралтай тос зэрэгт тохирсон К төрлийн галын хорыг м2-ийн хэмжээнд тааруулан зориулалтын газарт байршуулах, зочид буудлын коридорт байрлуулах галын хорын хоорондын зайг дээд тал нь 20м ээс хэтрүүлэхгүй байх зэргийн анхаарч ажилчид болон зочдынхоо эрүүл аюулгүй байдлыг ханган гарч болох эрсдлээс өөрийн бизнесээ хамгаалж байхыг хүсье.
Барилга байгууламжийн төлөвлөлтийг бид тооцоо, судалгаатайгаар зөв хийж чадвал зочид, үйлчлүүлэгчид болон ажилчиддаа эрүүл аюулгүй орчинг бий болгож ашиг олох зорилгоо төвөггүйхэн биелүүлж чадна. Ингээд дараагийн нийтлэлдээ таны бизнесийн хамгийн гол капитал болох хүний нөөц, түүний төлөвлөлт, зочид буудлын хүний нөөцийн чадамж сэдвийг та бүхэндээ хүргэх болно.






Мэдээ мэдээлэл авах
#subscribe