Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Бизнес загварууд

Зочид буудлын үйл ажиллагааны бизнес загварууд
Зочид буудлын өмчлөл, үйл ажиллагааны бизнес загварын хувьд хувийн эзэмшлийн буюу бие даасан, түрээсийн, менежментийн гэрээт, францайз гэрээт болон менцайз гэх мэт ангилдаг. Загвар бүр өөр өөрийн гэсэн онцлог давуу талуудтай байдаг тул зочид буудлын бизнес эрхэлж байгаа болон эрхлэхээр сонирхож байгаа танд зориулан эдгээрийн ялгаа, давуу болон сул талуудыг энэ удаад тайлбарлахаар боллоо.
Манай улсын хувьд хамгийн өргөн тархсан бизнес загвар болох бие даасан зочид буудал болон түрээсийн зочид буудлын талаар товчхон дурдаж харин сүүлийн жилүүдэд нэг нэгээрээ шил даран нэмэгдэж байгаа олон улсын сүлжээ зочид буудлын брэндийг ашиглах онцгой эрхийн францайз болон менежментийн гэрээний талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахыг зорилоо.
Хувийн эзэмшлийн буюу бие даасан зочид буудал:
Монгол улсын хувьд нийт 442 зочид буудал байдаг (МУҮСХ, 2020) бөгөөд үүний 98% нь бие даасан, хувийн эзэмшлийн зочид буудлууд байна. Энэ төрлийн зочид буудал нь олон улсын брэндэд харъяалагддаггүй, нэр болон брэнд нь өөрийн эзэмшлийнх байдаг. Нэг хувь хүн эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшилд байхаас гадна хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай байж болно.
Энэ төрлийн бизнес загварын хувьд бүх удирдлага эздийн гарт байдаг тул өөрийн байшил, зорилтот хэрэглэгчиддээ зориулсан үйлчилгээ, борлуулалт, маркетингийн аргуудыг хэрэгжүүлэх бүрэн эрх чөлөөг тэд эдэлнэ.
Үүнээс гадна хэд хэдэн давуу талууд байна:
1. Томоохон хэмжээний сүлжээ бизнесийг бодвол шийдвэр гаргалт хурдан, тухай бүрт нөхцөл байдалд уялдан уян хатан өөрчлөлтүүдийг хийх;
2. Худалдан авагчийн зан төлөв, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн үнийн бодлогоо өөрсдөө тогтоох;
3. Сүлжээ группээс ирэх санхүүгийн дарамтгүй, санхүүгийн бие даасан байдал;
4. Цор ганц байх ялгарлыг бий болгож өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчидтэй байх;
5. Үйлчлүүлэгч бүртэй ойр байж, тэдэнд нийцсэн өвөрмөц үйлчилгээг үзүүлэх боломжтой; (Патрик Ландман, 2020)
Юм бүхэнд давуу тал, сул тал байдгийн адил маш их цаг хугацааг шаардах, хөрөнгө мөнгө ихээр зарцуулах хэрэгтэй болдог тул үүнийг дагаад эздийн үүрэх эрсдэл төдий хэмжээгээр их байна.
The Abbey Hotel, хувийн эзэмшлийн зочид буудал https://www.abbeyhotelbath.co.uk/
Бие даасан зочид буудлууд цагаан хэрэглэл болон нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл, цэвэрлэгээний материалаа худалдан авах нэгдсэн үйлдвэр, ханган нийлүүлэгчидэд харъялагддаггүй тул нэг бүрийн үнэ харьцангуй үнэтэй туссанаар зочид буудлын өрөөний үнэ өндөр байх эсвэл ашгийн түвшин багасч болох юм.
Мөн маркетинг, борлуулалтын дэмжлэг байхгүй, олон улсын захиалгын системүүдтэй давуу эрхийн гэрээ хийж чадахгүй гэх мэт хэд хэдэн сул талуудыг дурдаж болно.
Түрээсийн зочид буудал:
Энэ тохиолдолд зочид буудлын эзэд өөрийн үл хөдлөх хөрөнгөө байгууллага, сүлжээ зочид буудал эсвэл хувь хүнд түрээсэлдэг. Түрээслүүлэгч нь ихэнхдээ үл хөдлөх хөрөнгөө тавилга, хэрэгслийн хамт түрээсэлдэг тул түрээслэгчийн хувьд хөрөнгө оруулалтын эрсдэл хүлээхгүй ч үйл ажиллагааны бүх төрлийн эрсдлийг хариуцна.
Түрээсийн төлбөрийг тогтоохын өмнө зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэ тэр дундаа зочид буудлын түрээсийн үнийн судалдгааг сайтар хийж борлуулалт, ашиг орлогын дүнд үндэслэн хувь тохирох эсвэл тогтмол дүнгээр түрээсийн төлбөр авах эсэхээ шийдсэний дараа хоёр тал гэрээнд гарын үсэг зурах нь дээр болов уу.
Түрээсийн гэрээний хувьд түрээслэгч нь үйл ажиллагааны эрсдийг бүрэн хариуцдаг тул түрээсэлж буй зочид буудлын нэр, брэндийг өөрөө шинээр үүсгэх эрхтэй.
Францайз гэрээ:
Францайз гэрээ нь зочид буудлын брэнд болон зочид буудлын эздийн дунд хийгддэг хууль ёсны лицензийн гэрээ бөгөөд зочид буудал нь төлбөрийн үндсэн дээр тодорхой нэг брэндийн нэрийн дор үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой болно.
Marriott, IHG, Hilton, Accor/SBE зэрэг нь Францайз олгогч бөгөөд зочид буудлын эзэд нь Францайз эзэмшигч болсноор Rits Carlton, Sofitel, Holiday Inn зэрэг брэндүүдээс сонгоно.
 Hotelog
Энэ гэрээний тусламжтайгаар зочид буудлын эзэн брэндтэй холбоотой үйлчилгээний стандарт, маркетингийн үйл ажиллагаа болон захиалгын систем зэрэг үйл ажиллаганд хэрэгтэй бүхнээ Францайз олгогчийн заавар зөвлөмжийн дагуу гүйцэтгэдэг тул эрсдэл харьцангуй бага, өдөр тутмын үйл ажиллагаагаа өөрсдийн хяналтандаа байлгах боломжтой байдаг нь хамгийн том давуу тал нь болдог.
Шаардлагатай төлбөрүүдийн хувьд:
1.    Францайзын төлбөр
2.    Зочид буудал нээгдэхийн өмнөх төлбөр (нээлтийн өмнөх сургалт, маркетингийн дэмжлэг, холбогдолтой зарим нэг үйлчилгээ)
3.    Өрөө удирдлагын дотоод систем (PMS)
4.    Бусад шаардлагатай систем, суралтууд
5.    Зах зээлийн судалгаа
6.    Брэндийн шаардлага хангасан тавилга хэрэгсэл
7.    Эрүүл аюулгүй ажиллагааны хэрэгсэл гэх мэт
төлбөрүүдийг гэрээ хэрэгжиж эхлэх үед нэг удаа төлдөг бол сар бүр дунджаар нийт өрөөний борлуулалтын орлогын 4–7%, хоол ундааны борлуулалтын орлогын 2–4% -ийг төлдөг.
Жишээ нь: Marriot International нь 20 жилийн хугацаатайгаар Францайзын гэрээ хийдэг бөгөөд гэрээний хугацаа дуусах үед гэрээг сунгах боломжгүй байдаг байна.

Хэрэв та The Ritz-Carlton, JW Marriott, Marriott Hotels, Renaissance Hotels, Four Points by Sheraton зэрэг брэндүүдийн францайз эрхийг авахын хүсвэл хамгийн багадаа эхлэл төлбөр болох 75,000,000 ам доллар ойролцоогоор төлөх шаардлагатай бөгөөд та сар бүр өрөөний нийт борлуулалтын үнийн дүнгийн 6% харин хоол ундааны борлуулалтын 3%-ийн төлбөрийг болон бусад нэмэлт шимтгэлүүдийн хамт төлөх хэрэгтэй болно. (Marriott Franchise Disclosure Document (FDD) 2020,)
Менежментийн гэрээ:
Менежментийн гэрээг хамгийн энгийнээр ойлговол Marriott, IHG, Hilton, Accor/SBE зэрэг группууд нь тухайн зочид буудлын менежер байх буюу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэсэн үг.
Менежментийн гэрээт бизнес загварын хувьд жил ирэх тусам гэрээний нөхцөл өөрчлөгдсөөр байна. Гэрээний хугацааг, гэрээний төлбөртэй харьцуулан харвал 2008 оноос өмнө дунджаар 21 жилээр гэрээ хийж үйл ажиллагааны нийт борлуулалтаас 2,5%-ийн төлбөр авдаг байсан бол жил ирэх тусам гэрээний хугацаа багасч төлбөр буурсаар байна. Сүүлийн жилүүдэд менежментийн гэрээний хугацаа дунджаар 17 жил болж гэрээний төлбөр нь үйл ажиллагааны нийт борлуулалтын 1,7% болж буурсан тохиолдол байна. Зочид буудлын зэрэглэл өсөх тусам гэрээний хугацаа урт байна. (Хала Матар Шуфани, Эрсин Илдрим, 2020)
 Hotelog
2027 он гэхэд Тайланд улсын Банкок болон Паттаяад нийт 1638 өрөө бүхий 3 брэндийн гэрээ үзэглэх ёслолын ажиллагаа
Менементийн гэрээний төлбөрийн хувьд:
1.    Суурь төлбөр
2.    Барааны тэмдэгтийн төлбөр
3.    Борлуулалтын шимтгэл
4.    Маркетингийн төлбөр
5.    Сургалтын төлбөр
6.    Борлуулалтын сувгийн удирдлагын төлбөр
7.    Үнэнч хэрэглэгчийн хөтөлбөрийн төлбөр
8.    Мэдээлэл технологийн системийн төлбөр зэрэг төлбөрүүдийг гэрээ хийгдэх үед нэг удаа тогтсон дүнгээр болон сар бүр борлуулалтын дүнгээс хувьчилж тооцон авдаг.
Суурь төлбөрийн хувьд нийт борлуулалтын 2–4% байдаг бол зардлыг бага байлгах тал дээр дэмжлэг болох үүднээс мөн үйл ажиллагааны нийт ашгаас 1,8–3% авдаг байна.
Зочид буудлын зэрэглэл өсөх тусам хувь буурна. Эдгээр хоёр төлбөрөөс гадна бусад үйл ажиллагаатай холбоотой буюу захиалгын системийн төлбөр, маркетингийн төлбөр, сургалт болон үнэнч хэрэглэгчийн төлбөр зэрэгт нийт өрөөний борлуулалтын 1–4%-ийг мөн төлнө.
Энэ төрлийн бизнес загварын хувьд эзэн зочлох үйлчилгээний салбарын туршлагагүй хэдий ч мэргэжлийн группуудтэй хамтран эрдслээ бууруулах боломжтой болно. Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчид өөрийн аюулгүй байдал, тав тухыг нэгдүгээрт тавьснаар огт танихгүй дотоодын зочид буудлыг сонгохоос илүүтэйгээр нэгэнт хэрэглээд дассан үйлчилгээ, орчиндоо татагдан олон улсын таньдаг, дотно сэтгэгдэл төрүүлэх брэндүүдээс илүүтэй сонгох болжээ. Ингэснээр үйлчлүүлэгчид байрласан хоног, төлсөн үнийн дүнгээсээ хамааран дэлхийн аль ч хотод байрласан байхаас үл хамааран урамшууллын оноогоо цуглуулан хөнгөлөлт эдлэх, уух зүйлээр дайлуулах, энгийн үнээр өндөр зэрэглэлийн өрөөнд байрлах зэрэг олон давуу талыг эдэлж байна.
Эздийн хувьд өөрийн зочид буудлыг өөрийн хүссэнээр удирдах боломж хомс, ашиг орлогын бялуугаа олон төрлийн төлбөрүүд болгон зүсэж, хуваалцах шаардлагатай болно. Хэрэв тухайн брэндийн салбар зочид буудлын буруутай үйл ажиллагаанаас хамааран брэндийн нэр хүнд унавал дэлхийн бүх салбар нэгэн зэрэг хүндрэлтэй байдалд орох зэрэг сул талуудтай байна.
Хэрэв та олон улсын сүлжээ буудлын брэндтэй хамтран ажиллах талаар сонирхож байгаа бол аль загварыг нь сонгож үйл ажиллагаа явуулвал хамгийн тохиромжтой вэ? гэх асуулт урган гарч ирнэ. Гэрээний төлбөр, нөхцлийн хувьд өөр байдаг боловч ерөнхийд нь хараад үзвэл эзэд өөрсдөө зочлох үйлчилгээний салбарын туршлагатай, зочид буудлын үйл ажиллагаандаа илүү оролцоотой байхыг хүсч байгаа бол францайз гэрээ, харин өмнө энэ салбарт бизнес эрхэлж байгаагүй анх удаа хүч сорьж байгаа бол менежментийн гэрээ илүү тохирожтой гэдгийг олон улсын зөвлөхүүд зөвлөдөг байна.
Мөн нэмж сонирхуулахад та францайз гэрээ хийхийг хүсч байгаа ч өөрийгөө үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулахад хараахан бэлэн биш байна гэж үзэж байвал Менцайз (Manchise: Management-Franchise) гэрээг мөн сонгож болдог болсон. Өөрөө хэлбэл та Менежментийн гэрээгээр брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлснээс хойш 5–7 жилийн дараа хамтран ажиллах гэрээгээ Францайз болгон өөрчлөх боломжтой бас нэгэн зочид буудлын бизнесийн загвар юм.
Ингээд таны бизнест амжилт хүсье.

Бэлтгэсэн: Б.Халиун






Мэдээ мэдээлэл авах
#subscribe